Арлын Японд мал маллан, монгол гэрт амьдардаг залуу 

Түүнийг У.Цэвэгсүрэн гэдэг. Тэрээр дөнгөж 23 настай ч тун хэрсүү нэгэн аж. Эх нутгаа санахын эрхэнд сэтгэлдээ эх орноо ойртуулахаар анх монгол гэртээ амьдрах санааг олжээ. Үүнийгээ төрсөн гэр шигээ тохижуулж, улмаар Японоос сүүний чиглэлийн саалийн цагаан ямаа худалдан авч, тэжээх болсон байна. У.Цэвэгсүрэн ганц цагаан ямаагаа саахад 3-4 литр сүү гардаг тул цайгаа сүлж ууна. Заримдаа сүүг нь хөөрүүлж, өрөм загсааж иддэг гэнэ. Түүний цагаан ямаа ишиглэсээр өдгөө дөрвөн толгой болон үржжээ.

Ийнхүү далайн эргийн сүрлэн дээвэртэй байшингуудын дунд таван ханатай, бөмбөгөр цагаан гэрээ барьж аж төрөх монгол залууг хүмүүс ихэд сонирхох болсон аж. Тухайлбал, эднийд нутгаа санасан монголчуудаас гадна монгол ахуйг сонирхсон Япон иргэд үе үе зочилдог гэнэ.

Ингээд арлын Япон улсад өөрийн хүссэн мэргэжлээр суралцангаа монгол ахуйгаа сурталчилж гэрээ барин амьдарч буй түүнтэй бид онлайнаар холбогдлоо.
Сүүгээ хөөрүүлчихээд өрмөө талхан дээр тавиад идэх ч…
-Та арлын Япон улсад амьдраад хэр удаж байна вэ?
– Би Японд ирээд хоёр жил болж байна.

-Та Япон улсыг анх ямар ажлаар зорьж байв?
-Би Японд сүм хийдийн засвар, дизайны чиглэлээр суралцаж, мэргэших зорилгоор ирсэн. Одоо би “мияа дайкү” мэргэжлээр ажилладаг “Ikui kenchikui” гэх компанид дадлагажигч хийж байгаа.
-Таны энэ мэргэжлийг хүмүүс тэр бүр сонгож, суралцдаггүй болов уу. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Монголд миний энэ мэргэжлээр сурсан хүн надтай нийлээд хоёр л болох байх. Анх би бие даасан үзэсгэлэнгээ нутгийнхаа музейд гаргаж байсан юм. Тэр үеэр одоо ажиллаж байгаа компанийн маань захирал ирж, таараад надад урилга өгсөн. Тэгээд л энд ирж, сүм барьж эхэлсэн дээ.
-Таны сүм барьж байсан үеийн зургуудийг харсан юм байна. Та бүр анхнаасаа л сүм барих ажлыг сонирхож байсан хэрэг үү?

-Тиймээ. Би багаасаа л модыг бүрэн боловсруулж сурах сонирхолтой байсан. Арван жилд байхдаа мод болон ясаар сонирхсон зүйлээ хийдэг байлаа. Хөдөлмөрийн кабенитад бол хонон өнжин л юм хийгээд суучихдаг хүүхэд байв. /инээв/ Тэгээд өөрийн хийсэн бүтээлүүдээрээ технологийн олимпиадад оролцож, бие даасан үзэсгэлэнгээ хүртэл гаргаж байсан юм.
-Тэрээр энэ сүмийг Япон урчуудыг дагалдан 2 жилийн дотор барьж дуусгажээ-
-Тийм үү. Та тэгэхээр хэд дүгээр ангидаа анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан юм бэ?
-Есдүгээр ангид байхдаа Дорноговь аймагтаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бас 2009 онд олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож байлаа. Мөн аймагтаа зохиогддог тэмцээнүүдэд оролцож, шагнал авдаг байсан. Түүндээ урамшаад л улам хиймээр санагдаж, чадварлаг мэргэжилтэн болохыг хүсдэг болсон юм. Энэ хүсэл маань л намайг Японд авч ирсэн дээ.
-Ясаар сийлсэн хос хун түүний анхны бүтээл-
-Ингэхэд та гэрээ барьж амьдраад хэр удаж байна вэ?

-Жил гаруй болж байна. Гэрээ барьж амьдарсны дараахан Японд “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулсан. Үүнийгээ энэ онд бас дахин хийхээр төлөвлөж байна.
-Гэртээ амьдрахын давуу тал нь юу байх юм?

-Монгол гэр маш амархан дулаацдаг. Их ажлын дараа гэртээ ирээд л галаа түлчихээд, сүүгээ хөөрүүлээд, өрмөө талхан дээрээ тавиад идээд сууж байх нь сайхан шүү дээ. Гэр минь надад бол сэтгэлийн асар том дэмжлэг өгдөг юм. Жижиг гэр болохоор цэвэрлэж, цэгцлэхэд ч их амар байдаг. Ер нь газар хөдлөлтөд тэсвэртэй учраас япончууд монгол гэрийн бүтцийг ихэд гайхаж, сонирхдог. Тэр нь надад их таалагддаг.
-Тэрээр анхны цагаан сараа захирлын гэргий болон холоос зорьж ирсэн монгол ахын хамтаар тэмдэглэжээ-