Б.Батзаяа: Манай хүүхэд Британид 5-р ангийн бодлого бодсон чинь Монголд 2-р ангид заадаг хичээл байна 
мэдээ

Б.Батзаяа: Манай хүүхэд Британид 5-р ангийн бодлого бодсон чинь Монголд 2-р ангид заадаг хичээл байна 

Спорт тайлбарлагч Б.Батзаяа хүүхдийн боловсролын талаар ийн бичжээ.

“Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мён Багийн номыг уншиж байхад суурь (техник) боловсролын талаар сонирхолтой юм бичсэн байсан юм.Солонгосын воллейболчид хүүхэд насандаа япончуудыг байнга хождог боловч насанд хүрэхээр хожиж чадахаа больдог байжээ.

Энэний шалтгаан нь Солонгосчууд хүүхдүүддээ воллейболын үндсэн суурь техникийг нэмэлт техниктэй нь хамт заадаг бол, япончууд хүүхэддээ суурь техникийг нь маш сайн заадаг байж. Ингээд нэмэлт техниктэй хүүхэд багадаа олон талт мэт байдаг боловч том болоод маш сайн суурь техниктэй хүүхдүүдийг хожиж чаддаггүй. Нэгэнт суурь техникээ сайн сурсан хүүхэд нэмэлт техник сурахад тийм ч их хугацаа ордоггүй, суурь сайн бол юуг ч дээр нь нэмж болдог.

Ийм ялгаа л энэ хоёр улсын воллейболын хөгжил, амжилтанд том ялгаа гаргаж. Энийг судалгаа гэдэг. Хөлбөмбөг дээр ийм жишээ бас л олон. Өсвөрийн дэлхийн аваргад Өмнөд Америк, Африк, Зүүн Европ, Азийн улсууд том том амжилт гаргадаг ч том болоход энэ нь өөрчлөгддөг. Яг ийм жишээ Монгол болон Британийн бага сургуулийн боловсрол дээр харагдсан юм. Манай хүүхэд Британид 5-р ангийн математикийн бодлогоор, монголд 2-р ангид заасан хичээл зааж байна гэж хэллээ.

Ангийнхнаасаа түрүүлж бодоод дээд анги, тэрний дээд ангийн бодлого бодсон гэж хэлэв. Эндээс яагаад ч юм боловсролын системийн ялгааг харж болохоор санагдав. Насанд хүрээд энэ хүүхдүүдээс ямар ялгаа гардаг вэ? Хүүхэд багадаа их тоо үзэх нь зөв үү, буруу юу гэх мэт! Монголд сургуульд явах дургуй, хичээл хийх дургуй хүүхэд хэр байдаг вэ? Нарийн судалгаагүйгээр харахад дургуй хүүхэд зөндөө. Харин энд тийм хүүхэд маш ховор.

Бага ангид хүүхэд хичээл хийж сурах нь чухал уу, сургуульд явах дуртай байх нь чухал уу гээд бас дараагийн асуултыг гаргаад ирэв. Бага насны хүүхэд зөв цэвэр бичиж сурах гээд хэдэн хуудас ганцхан үсэг бичих надад бол хүүхэд байхын шийтгэл мэт санагддаг байсан. Багадаа цэвэр бичдэг байсан би одоо бол хүн ойлгохын аргагүй бичдэг. Цэвэр бичихээ багшаас дүн авах гэж л бичдэг байсан болохоор цэвэр бичих хичээлээс хойш шууд хаясан. Гэтэл тийм хүүхдүүд их байдаг. Тоо ч ялгаагүй. Гэрийн даалгавар гээд баахан тоо, тэгээд бодож чадахгүй, ах эгчдээ гөвүүлнэ.

Одоо ч хүүхэдтэйгээ даалгаврын “тулаан” хийдэг эцэг эхчүүд зөндөө. Хүүхдийг юманд дуртай болгоогүй байж, дуртай бол гээд хүчлэх нь өөрөө хүүхдийг шууд дургуй болгоно. Том болоод асуудлыг хүчээр, бодохгүйгээр шийддэг л хүн болно. Эндээс харахад бид нар хүүхдийн суурийг буруу тавиад байгаа юм шиг санагддаг. Манайд харилцаа болон өөрийгөө илэрхийлэх том дутагдал байдгийг суурь нь эндээс эхэлдэг байх. Харин энд тоо болон үсгийг маш удаанаар хэдэн жил дамнуулж заана. Суурийг нь тавих гэдэгт зөвхөн тоо бодож, үсэг сурах биш.

Тэр хүүхдийн хандлага, сэтгэлгээ, юманд дурлах, харилцаа, сургууль даа дуртай болох гэх мэт олон зүйлийг агуулж явдаг. Хүүхэд сургуульдаа явж байна гэдэг том хүнээр бол ажилдаа явж байна гэсэн үг. Мэргэжилдээ дургуй, ажилдаа дургуй явдаг хүнээс юу гарахыг бүгд мэднэ. Манай хүүхэд тоогоор эд нараас илүү боловч бусад юмаар ямар байгааг би шууд хэлж чадахгүй. Яагаад гэвэл харж болохгүй чадварууд маш их бий. Энийг л шинжлэх ухаан гэдэг.
Бид нар харагдах юманд л их анхаарал хандуулдаг, тоо сайн бодож байна, үсгээ цэвэр бичиж байна, онц авч байна, олимпиадад орж бн гэх мэт. Насанд хүрээд би лав манай хүүхэд Британи хүүхдээс чадвар, мэргэжил, хандлагаараа илүү байна гэж хэлж чадахгүй. Энд суурийг нь маш сайн тавьдаг. Бидэнд хоцорч байгаа юм шиг харагддаг ч, нэгэнт хичээлдээ дуртай, сэтгэлгээ тэлсэн, санаачилгатай хүүхэд дараагийн зүйлийг маш сайн сурна.

Боловсролын тогтолцоо гэдэг хүүхдийг хичээл хийж сургахаас гадна зан чанар, харилцаа гээд олон зүйлийг давхар сургаж байдаг. Бид өнөөдөр боловсрол гэж зөвхөн үсэг, тоогоороо сэтгээд байгаа нь буруу гэж харж байна. Энэ бол суурь боловсролын нэг хэсэг болохоос энэнээс илүү том суурийг нь бид огт хөнддөггүй, заадаггүй.” гэв.

Related Articles

Back to top button