Улаанбаатараас Хэнтийг зорьж, бизнесээ амжилттай эхлүүлсэн залуу гэр бүл
мэдээ

Улаанбаатараас Хэнтийг зорьж, бизнесээ амжилттай эхлүүлсэн залуу гэр бүл

Улаанбаатараас Хэнтийг зорьж, бизнесээ амжилттай эхлүүлсэн залуу гэр бүлийг онцолж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорьж ажил, амьдралын гараагаа эхлүүлэхээр шийдсэн залуу гэр бүл цөөнгүй бий. Манай сайт хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшиж, тухайн амьдарч буй орон нутгаа хөгжүүлэхэд зөв үлгэр дуурайлал үзүүлж буй залуу гэр бүлийг онцолж, цувралаар хүргэхээр боллоо.

Тэдний төлөөлөл болсон М.Тунгалагмөрөн, Б.Номин нартай холбогдлоо. Хосууд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн бөгөөд сургуулиа төгссөний дараахан Хэнтий аймгийг зорьж өөрсдийн мэргэжлийн үр шим, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр аймгийнхаа анхны “Мини Сенима” кафег нээсэн юм.

Улмаар тэдний гарааны бизнес Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 15-34 насны залуучуудын дунд зарласан гарааны бизнесийн шилдэг төсөлд шалгарч, 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг авчээ. Ингээд их хотын амьдралаас хөдөөг зорьсон залуу хостой ярилцсанаа хүргэж байна. Аймагтаа анхны “Mini Cinema”-г байгууллаа. Цаашид бизнесээ улам хөгжүүлэх болно

-Та хоёр Улаабаатараас Хэнтий аймагт ирж, ажиллаж амьдрах шийдвэрийг яагаад гаргах болсон бэ. Хэсэг хугацааны дараа эргэн хархад энэ нь зөв сонголт болж чадсан уу?

-М.Тунгалагмөрөн /нөхөр/: Би хотод төрж өссөн. Иймд хөдөө амьдрал ямар байдгийг тийм ч сайн мэдэхгүй. Харин хотод бол мэдээж түгжрэл, утаанаас эхлээд стресстэх зүйл олон бий. Харин хөдөө ирсэн чинь нэгд, маш тайван амгалан байна. Ямар ч стресстэх зүйл энд алга. Бүх юм нь төвлөрсөн ойрхон. Мөн түгжрэл, утаа, оочер дараалал ч энд алга. Хотод хань бид хоёр хүүтэйгээ хамт түрээсийн байранд амьдардаг байсан. Хөл хорионы үед урлаг соёлын арга хэмжээ байхгүй болж, ажил зогссон. Иймд байрны түрээс эхлээд маш хэцүү болж ирсэн. Заримдаа барилгын ажил хийсэн ч энэ нь хаанаа ч хүрэлцдэгүй байлаа. Ээж, ааваасаа байнга мөнгө гээд аваад байх хэцүү шүү дээ. Одоо хотод түрээсийн байр маш үнэтэй байна. Мөн ажиллаж амьдарсан ч ихэнх цаг түгжрэл болон бусад хэрэгцээгүй зүйлст үрэгдээд, гэр бүлтэйгээ хамт байх мөч ховор байсан. Энэ шалтгаанаас үүдээд орон нутгийг зорихоор болсон доо. Одоо бодоход бид маш зөв сонголт хийжээ. Гэр бүлтэйгээ хамт тайван амгалан байх хамгийн тохиромжтой газар бол хөдөө орон нутаг юм байна.

Б.Номин /эхнэр/: Мэдээж зөв сонголт болж чадсан. Гэр бүл зохион амьдралаа эхлүүлэхэд хамгийн тохиромжтой газар бол хөдөө орон нутаг юм билээ. Энд янз бүрийн айх айдас түгшүүр бага байна. Яах вэ, зарим талаар буюу хөгжих талдаа сургалт, клуб, ямар нэгэн дугуйлан байдаггүй. Энэ нь бага зэрэг сул тал нь болж байна. Гэхдээ залуус бид энэ сул талыг боломж болгон хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Хотод маш олон өрсөлдөгч байхад хөдөө орон нутагт шийдэх, хийх асуудал их байгаа учраас боломж байна гэж харсан. Мөн юу хийхийг хүсэж байна түүнийг хийхэд ямар ч асуудалгүй. Ажил амархан бүтдэг.

-Та Улаанбаатараас Хэнтийг зорьж анхны “Мини Сенима” кафегаа нээсэн байна. Анх бизнесийн санаагаа хэрхэн олж байсан бэ?

-Б.Номин: Би Хэнтий аймагт төрж өссөн. Хөл хорионы үеэр нөхөртэйгөө хамт аймагтаа ирж таарсан юм. Хөл xopионы дараа юу хийх вэ гэдэг асуудал үүссэн. Учир нь, бид хоёул жүжигчин мэргэжилтэй. Тухайн үед урлаг, уран сайхны бүх үйл ажиллагааг төрөөс xopиглосон байв. Иймд хувиараа бизнес эрхэлье гэж шийдсэн. Хэнтийд Ардын дуу, бүжгийн чуулга байхаас өөрөөр залууст зориулсан кино театр зэрэг үзвэр үйлчилгээний газар огт байдаггүй. Ерөнхийдөө чөлөөт цагаа найзуудтайгаа хамт өнгөрүүлэх, мөн өөрийгөө хөгжүүлэх газар тун ховор. Бид энэ байдлыг өөрсдийн боломж гэж харсан. Энэ үүднээс “Синема кафе”-г нээхээр болсон. Яг энэ үед ихэнх хүн бид хоёрын эсрэг байсан л даа. Зарим нь “Цар тахлын энэ үед шинэ бизнес эхлүүлвэл дампуурна. Залуу хүүхдүүд юу ч мэдэхгүй байна. Амжилт олохгүй дээ” гэж хэлж байлаа. Мэдээж хувиараа бизнес эрхэлнэ гэдэг тийм ч амар биш. Гэвч бид хоёр залуу хүн учир эрсдэлийг бодохгүйгээр шууд л санаагаа бодит болгохоор зорьсон. Алдсан ч оносон ч хамтдаа эхлүүлсэн учир ямар ч айх айдасгүй байсан юм.

М.Тунгалагмөрөн: Манай эхнэр оюутан байх үедээ аймагтаа ‘Mini theatre” байгуулна гэж ярьдаг байсан. Бизнес санаа маань анх үүнээс эхлэлтэй. Бид кафегаа яваандаа улам томруулах болно. Жишээлбэл, жүжиг, кино үзэж болох драмын дугуйлан ч хичээллүүлэх зэргээр өөрсдийнхөө олж авсан, эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг орон нутагтаа хэрэгжүүлж, аймагтаа соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх болно. Нөгөө талдаа бүх юмыг шинээр эхэлж байгаа учир амьдралаа дээшлүүлэх, ашиг сонирхлын зүйлс ч байлгүй яах вэ. Залуу хүнд бизнесийн маш олон санаа байдаг. Харамсалтай нь, түүнийгээ бодит болгон зориглож хийх нь ховор. Харин бид хоёр ингэхийг хүсээгүй. Алдсан ч оносон ч хамтдаа л эхлүүлж байгаа учир эргээд бидэнд туршлага, сургамж болон үлдэнэ. Ингээд хийе, бүтээе, хамтдаа эхлүүлье гээд шууд л зүтгэсэн дээ.

-Цар тахлын үед бизнесээ эхлүүлэх, тохижилтоо хийх амаргүй байсан байх. Кафе нь анх үйл ажиллагаагаа хэзээ нээн эхлүүлсэн бэ. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас шилдэг бизнесээр тодорсон тухай сонссон?

-М.Тунгалагмөрөн: Бид зургадугаар сарын 14-нд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Үйчлүүлэгчдэдээ тухтай байлгах үүднээс аль болох чанар, үзэмж сайтай зүйлсээр тохижуулж байлаа. Ихэнх тавилга, эд зүйлсийг хотоос наашаа зөөсөн. Бага төсвөөр өөрсдөд хэрэгтэй юмыг олж авах гэж хайх үед хөгжилтэй, дурсамжтай зүйлс ч болж байсан. Би чинь бараг өөрийн машинаа хот, хөдөө хооронд ачааны машин шиг л дүүргэж явж байлаа шүү дээ.

Б.Номин: Бид хоёр засвар, тохижилт бүрээ өөрсдийн гараар хийсэн. Өмнө нь би хэд хэдэн бизнес эхлүүлж бүтэлгүйтэж байсан. Иймд анх нээх үедээ эхний сар хүнгүй байх болов уу даа хэмээн бодож сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Гэвч эсрэгээрээ үйлчлүүлэгч ихтэй байсан шүү. Бүр байнгын таньдаг үйлчүүлэгчидтэй ч боллоо. Ингээд явж байхад Хэнтий аймгаас Хөдөлмөр халамжийн төвийн шилдэг гарааны бизнесийн төслийг шалгаруулах тэмцээн болж байгааг сонсон. Бид өөрсдийн бизнес төслөө явуулсан. Улмаар төсөл маань шилдэгт шалгарч, эргэн төлөх нөхцөлгүй 10 сая төгрөгийн дэмжлэгийг авч чадсанд баяртай байна. Энэ төсөл нь тав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд энэ жилийн хувьд цар тахалтай гэдгээрээ хувийн бизнесээ дэмжих үүднээс эргэн төлөх нөхцөлгүйгээр дэмжлэг үзүүлэхээр болсон юм билээ.

-Төслийн хүрээнд юу, юуг хийхээр төлөвлөж байна?

-Бид төслөө анх танилцуулахдаа кафегаа өргөжүүлэх талаас бичсэн. Манайх одоогоор ганцхан “VIP” өрөөтэй. Иймд өдөртөө захиалгууд дүүрч, зарим цаг давхцсан захиалга буцаагдах тохиолдол гардаг. Тэгэхээр яалтчгүй нэмж шинэ өрөө гаргах шаардлага гарч байгаа. Иймээс өрөөний зохион байгуулалт болон бусад нэмэлт тохижилтыг хийнэ. Үйлчлүүлэгчдээ тухтай, тохилог орчинд сэтгэл ханамжтай байлгах нь бидний хувьд нэн чухал юм. Манайх одоогоор байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Манайх төрсөн өдрийн эзэн үнэгүй кино үзэх эсвэл олуулаа орж ирвэл нэг нь үнэгүй зэргээр урамшуулал зарлаж байгаа. Орж ирсэн хүн бүр л их сайхан сэтгэгдэлтэй байдаг. Ялангуяа хүүхэд, залуус манайхаар үйлчлүүлэх их дуртай. Одоогоор манайд американо, латте, шейк, халуун попкорн, хотдог зэрэг олон төрлийн идэх, уух зүйлс гарч байна.

-Хэнтийд ирснээр амьдралын хэв маяг нь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-М.Тунгалагмөрөн: Бүх л юм өөрчлөгдсөн. Урьд нь хотод амьдардаг байхад кино, зураг авалт гээд ажилдаа явахад түгжрэлээс авахуулаад олон цагийг ихэвчлэн гадуур завгүй өнгөрүүлдэг байсан. Ихэнх үед гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломжгүй байдаг байлаа. Харин энд ирснээр бүх юм амар боллоо. Түгжрэл, оочер, утаа гээд стресстэж гадуур өнгөрүүлдэг дэмий цаг хугацаа байхгүй болсон. Гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлж байна. Бас хамтын бизнесээ ч эхлүүллээ. Залуустаа хандаж хэлэхэд, ямар нэгэн бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой хамтрагч бол гэр бүлийн хүн юм шүү. Хамтдаа гэр бүлээрээ бизнес хийвэл амжилт олох илүү боломжтой.

-Цаашдын зорилго мөрөөдлөөсөө хуваалцана уу?

-Б.Номин: Би театрын жүжигчин болохыг хүсдэг байсан. Иймд бид хоёр кино кафегаа өргөжүүлж театрын үйл ажиллагаа явуулдаг, кино ч үздэг ийм халуун дулаан орчин бүрдсэн соёлын томоохон газрыг бий болгоно.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button