М.Ариунболд: Эрлийз морьдын туурайг хуурайдаж, сэрвээ рүү зүүгээр хатган тамлаж байгаа нь ҮНЭН

Улсын наадам цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан билээ. Харин энэ жилийн хувьд ардын хувьсгалын давхар ой тохиож монгол түмэн ёстой наадсан шиг наадацгааж байна. Улсын наадам гурван өдөр болдогоороо болж нижгэр сайхан өнгөрсөн бол түүнээс хойш аймаг,
сумд байгуулагдсаны түүхт ойн наадмууд шил шилээ даран зохион байгуулагдаж мөн газар газрын шигшмэл хурдан хүлгүүд бүсийн уралдаануудад шандсаа сорьсоор. Энэ жилийн хувьд бөхөөс илүү хурдан морьдын уралдаан шүүмжлэл, маргаан дагуулсаар буй.
Хамгийн сүүлийн жишээ. Хэнтий аймагт болж өндөрлөсөн “Их хурд” уралдаан.
Тэгвэл “Их хурд”-ын азарганы уралдаанд “АПУ”-гийн П.Батсайханы “Шоу Халзан” түрүүлсэн билээ. Энэ уралдааны дараа азарганы уралдаанд аман хүзүүдсэн “Богд Хээр”-ийн Б.Нямжав маргаан үүсгэж түрүүлсэн азарганы сэрвээний өндрийг дахин хэмжүүлэхээр болсон байгаа юм. Хэмжих үед “Шоу Халзан” азарганы хөл доголж, туурайнаас нь цус шүүрч байсан. Үүний учир нь уяачдын дунд сэрвээний өндрөөр тэнцэхгүй мориныхоо туурайг хуурайдаж нэгээс, хоёр см хүчээр хасдаг төдийгүй, сэрвээ рүү нь зүүгээр шивэх тохиолдол хэвийн үзэгдэл болсон гэх мэдээлэл.
Бид эл асуудалтай холбогдуулан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны нарийн бичгийн дарга М.Ариунболдоос тодрууллаа: “Энэ үнэн. Уяачид сэрвээний өндөр нь тэнцэхгүй морьдынхоо туурайг хуурайддаг нь худал биш. Мөн морьдынхоо сэрвээ рүү зүүгээр шивдэг гэдэг ч үнэн. Ихэнх уяачдын дунд нийтлэг болчихсон үйлдэл. Үүнийг ингэлээ тэглээ гээд хуулиар зохицуулж, хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Хууль батлагчид дүрмэндээ энэ байдлыг зориуд орхигдуулдаг” гэлээ.
Харин зарим уяачдаас энэ талаар тодруулахад:
Налайх дүүргийн уяач Х.Хишигдалай: “Энэ мэдээллийг сонссон. Гэхдээ худал. Мориныхоо туурайг хуурайдах нь байж болохгүй асуудал. Учир нь морь улдаад, хад, чулуу холгоод давхихгүй. Туурайнаас нь авлаа ч тэр хэмжээгээр нь тах хадаж таарна. Ийм байхад морьдынхоо туурайг хуурайдаад сууж байна гэж юу байх вэ” гэв.
Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзий: “Зүүгээр шивнэ гэж юу байх вэ дээ. Амьд амьтныг зүүгээр шивээд байж байна гэж байхгүй. Тэртээ тэргүй илүү гарсан туурайг нь авч байгаа шүү дээ. Өөр зүйл байхгүй ээ” гэв.