Б.Уранчимэг: Миний хоёр хүүхдэд төрснөөс илүү өсгөсөн эцэг нь жинхэнэ аав болж чадсан
мэдээ

Б.Уранчимэг: Миний хоёр хүүхдэд төрснөөс илүү өсгөсөн эцэг нь жинхэнэ аав болж чадсан

Амьдралынх нь түүх олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, шантарч яваа нэгэнд урам зориг өгсөн дөрвөн хүүхдийн ээж, халамжит эхнэр Б.Уранчимэгтэй ярилцлаа. Өдгөө 28 настай Б.Уранчимэг нь 22-хон насандаа ганц бие ээжийн амьдралаар амьдарч, үр хүүхдийнхээ төлөө өвдгөө гөвөн босож чадсан эмэгтэй. Энэ бүхний эцэст бурхан түүнийг сайн хань, сайхан хүүхдүүдээр шагнаж, одоо аз жаргалаар дүүрэн амьдарч буй.

-Таны амьдралын түүх ганц бие ээжүүд болон бусад гэр бүлд үлгэр жишээ болж, олон нийтэд хүрлээ. Энэ сайхан амьдралыг бүтээлцсэн нөхөртэйгээ анх танилцаж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Өмнөх нөхрөөсөө салаад хоёр хүүхэдтэйгээ үлдэх үед үнэхээр хүнд байсан. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө ямар ч зовлонг даваад гардаг юм билээ. Орох оронгүй, түрээсийн байр, ажил хайгаад явж байсан үе бий. Хүүхдүүдээ өсгөхийн тулд ажил хийх хэрэгтэй болж сонирхлоороо хийдэг нүүр будалтаа ажил болгох боломж ирсэн юм. Энэ үед нөхөр минь миний амьдралын бэлэг болон ирсэн. Манай нөхрийн студи нь засварт орчихсон, түр хугацаанд манай ажил дээр байрлаж байсан юм. Эхэндээ жирийн ажилчдын харилцаатай байсан. Цаг хугацааны эрхээр бид бие биедээ ойртож, нэг гэрт орсон.

-Нөхөртэйгөө учрахаас өмнө 22-хон настай бүсгүй хоёр хүүхдээ ганцаараа хэрхэн өсгөж байсан юм бэ? Энэ бэрх хугацаанд тохиолдсон хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?

-Нөхрөөсөө салах шийдвэр гаргачихсан байх үед надад хоёр хүүхдээс минь өөр хэн ч, юу ч байсангүй. Би их сургуулиа төгсөж чадаагүй орхисон ч их сургуулийн найзууд минь харин намайг орхиогүй, миний дэргэд байсан юм. Очих газаргүй байхад найзууд минь дундаасаа байр түрээслэх эхний сарын мөнгө надад зориулаад босгочихсон байснаа өгч байсан юм. Хүүхдээ өсгөхийн тулд ажилд орсон ч хүүхдүүдийг минь харах хүнгүй учир цэцэрлэгт өгөх хэрэгтэй болсон. Нэг хувийн цэцэрлэг олтол хоёр хүүхэд оруулахад 500 мянган төгрөг гэлээ. Би өөрөө 500 мянган төгрөгийн цалинтай хүн тийм хэмжээний мөнгө төлөх боломж байсангүй. Эрхлэгчтэй нь уулзаж, учир байдлаа тайлбарлан нэлээн гуйж байгаад 300 мянган төгрөг өгч хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахаар болсон. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажиллаад, бүтэн сайнд өдөр л нэг амарна. Би хүүхдүүдээ аль болох юмаар дутаахгүй, боловсролтой хүмүүжилтэй хүн болгохын тулд чадахаараа хичээж байлаа. Тэр үед нэг хэсэг зургийн студиуд түрэн гарч ирсэн юм. Хөл дээрээ тогтох нь тогтож, унах нь унаж байсан үе. Миний ажиллаж студи тэр үеэр байхгүй болоод би ажилгүй болчиxсон. Дахиад л ажил хайх хэрэг гарсан. Энэ мэтчилэн унаж, босож явсан ч багаасаа ажил хийж байсан туршлага минь сэтгэлийн тэнхээтэй болгож, хатуужилтай байхад минь нөлөөлсөн. Тэр бүх хугацаанд хүүхэд өвдөх үе хамгийн хэцүү байсан. Хүүхэд өвдөхөөр 5-7 хоног гэртээ хүүхдээ асрах болдог. Тэгэхээр өдөрт хийсэн ажлаараа цалинждаг байсан би орлогогүй болчихно.

-Та бага байхаасаа ажил хийж эхэлсэн гэлээ. Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Сургуульд орохоос минь өмнө аав, ээж хоёр салсан юм. Намайг булаалцалдаж байсан дүр төрх л надад санагддаг. Нэгдүгээр ангид байхдаа би цүнх, дэвтрээ байнга мартдаг нэг л биш хүүхэд байсан. Ээж маань намайг эмчид үзүүлэхэд бэтгэрэх өвчин туссан байна гэсэн юм билээ. Тэгээд эмчилгээ хийлгэж байсан. Тавдугаар ангиасаа эхлэн ээжийнхээ лангуун дээр сууж ажил хийж эхэлсэн. Ээж минь бөмбөгөр худалдааны төвд гурван лангуу ажиллуулдаг байсан юм. Нэлээн хөлөө олчихсон байхад хоёр жилийн дараа бөмбөгөр худалдааны төв шатаж, ээжийн минь бүх хөдөлмөр нэг хормын дотор нурсан. Тэр үед би Орос 3-р дугаар сургуульд сурдаг байсан юм. Тэр явдлаас хоёр жилийн дараа сургалтын төлбөр нэмэгдэж, аргагүйн эрхэнд
лицей сургууль руу шилжсэн. Шинэ сургуулийнхаа төлбөрийг олох гэж есдүгээр ангиасаа барилга дээр ажиллаж эхэлсэн. Бага насандаа энэ бүх асуудлыг даван туулж, ард нь гарч байсан минь ганцаараа хүүхдүүдээ өсгөхөд их нөлөөлсөн байх.

-Таны нөхөр ямар хүн бэ? Нөхрийн тань талаар яриагаа үргэлжлүүлье.

-Нөхрийг Б.Амарбаясгалан гэдэг. Найруулагч, зураглаач мэргэжилтэй. Хань минь одон орон их сонирхдог. Үүнийхээ дагуу “MarsX” хэмээх одон орны хэрэгслийн дэлгүүр шинээр нээсэн. Нөхөр маань маш зөөлөн, сайхан сэтгэлтэй, хүнийг хайрладаг, хүндэлдэг хүн. Эмэгтэй хүн бүрийн хүсдэг залуугийн бүх шинжийг агуулсан хүн гэж боддог. Хүнийг хэзээ ч дугаарлаж ялгадаггүй, бүх хүнтэй ижил тэгш харьцдаг. Хань минь үргэлж “Өнгөрсөн явдлыг март. Чи минь наддаа ирэх гэж энэ тойруу замыг туулсан юм шүү дээ” гэж надад хэлдэг. Дараа төрөл гэж байдаг бол нөхрийнхөө охин болж төрөөд сайхан аавын хайраар тэтгүүлж амьдрахыг хүсдэг. Яагаад зарим хүмүүс аав болчихоод аав байж чадахгүй байхад зарим нь аав болж үзээгүй хэрнээ аав шиг
байдаг юм бол? гэж би гайхдаг. Би өөрөө аавын хайраар дутаж өссөн учраас хоёр хүүхдээ аавын хайраар дутаахгүй өсгөхийг хүсдэг. Манай нөхөр хүүхдүүдэд минь байтугай, надад хүртэл аав гэж хүн ямар байдгийг мэдрүүлдэг тийм л хүн.

-Анх хүүхдүүд болон нөхөр тань бие биенээ хэрхэн хүлээж авсан бэ?
-Зарим үед хүүхдүүдийг минь харах хүнгүй үед ажил дээрээ дагуулж очдог байсан. Тэр олон ажилчдын дундаас хүүхдүүд минь манай хүн дээр л очиж, тоглодог байсан. Нөхөр маань ч хүүхдүүдэд минь их сайн. Тухайн үед эрэгтэй хүн бүрийг аав аа гэж дууддаг байсан. Нөхрийг минь ч аав аа гээд дуудаад эхэлчихсэн. Хэзээний л аав, хүү, охин гурав шиг бие биенээ хайрлаж, хүлээж авсан.

-Аз жаргал гэж таны хувьд юу вэ?
-Хүн бүрийн, тэр тусмаа эх хүний аз жаргал бол хүүхдүүдээрээ хайрлагдах. Сайн аавтай байхад ээж байх хэцүү биш. Сайн хань, сайхан үр хүүхдүүдтэй байх хамгийн том аз жаргал.
-Ганц бие ээжүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Би азтай тохиолоор сайн нөхөртэй учирсан. Хүн бүрт ийм аз тохиохгүй байх. Монгол улсад хоёр дахь амьдрал зохиосон гэр бүлийн хүчирхийллийн талаар аймшигтай мэдээллүүд сүүлийн үед их гарах болсон. Гэтэл төрсөн биш ч эцэг нь биш ч хүүхдүүдээ ийм сайн өсгөдөг аав байдаг талаар мэдээлэл огт гардаггүй. Үүнээс болж ээжүүд дахиж амьдрал зохиохоос айж, итгэлгүй болдог. Хэдий ганц бие ээж үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой ч тэр хүн мөн хайрлагдах эрхтэй. Эрэгтэй хүн бүр аймаар байдаггүй учраас зөв, сайн хүнтэй учирвал битгий түлхээрэй. Харин таныг хайрладаг ч хүүхдүүдийг тань хайрлахгүй хүнийг шууд орхиж, холдож чадаж байгаасай гэж хүсэж байна

Related Articles

Back to top button