Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХИЙН гэрэл зурагчин Г.Ган-Өлзийтэй танилц

У.Хүрэлсүхийн гэрэл зурагчнаар 11 дэх жилдээ ажиллаж буй зурагчин Г.ГанӨлзийтэй ярилцлаа. Тэрээр төрийн айлчлалаар гадны 7 улс руу явж, дэлхийн улс орнуудын гэрэл зурагчидтай мөр зэрэгцэн, улс төрийн томоохон уулзалтуудын гэрч болсон нэгэн юм. Мөн тэрээр Монгол орныхоо 21 аймгаар ганцаараа аялаж, нүүдэлчдийн ахуй соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхэн дурсгалт газруудыг гэрэл зургийн хальснаа мөнхөлдөг.
-Таныг хуульч мэргэжилтэй гэж сонссон. Яагаад гэрэл зурагт дурлах болсон бэ? Хэзээнээс зураг дарж эхлэв?
-Би багаасаа гэрэл зурагт сонирхолтой хүүхэд байсан. Гэсэн ч өсөж томроод зах зээл гэж явсаар гэрэл зургаасаа хөндийрсөн. Ингээд сүүлд 2007 оноос гэрэл зургаа дахин сонирхож, 2010 оноос зурагчны ажлаа хийж эхэлсэн.
-Таныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэрэл зургийг 11 дэх жилдээ дарж байгаа гэж сонссон. Энэ завшаан анх хэрхэн тохиож байв?
-2010 онд МАН-аас “Ард түмнээ сонсъё” аян зохион байгуулаад, хөдөө орон нутгаар явсан юм. Тухайн үед би санамсаргүй тохиолдлоор найзтайгаа Өмнөговь руу цуг явж таарсан. Миний хувьд дөнгөж л гэрэл зураг авч эхлэн, зурагчин болно гээд зорьчихсон байсан учраас тэнд болсон бүх л үйл явдлын зургийг дарсан. Ингээд буцаж ирээд авсан зургуудаа хуулаад У.Хүрэлсүх даргад аваачиж өгөхөд, дарга ч хэрэгтэй зүйл хийсэн байна, баярлалаа гэж хэлээд авсан. Үүний дараа “Ард түмнээ сонсъё” аяныхаа хүрээнд 2,3 аймгаар явахдаа намайг завтай бол хамт яваач гэж санал тавьсан юм. Би ч гэрэл зурагтаа хорхойсож эхэлсэн байсан, хоёрдугаарт багаасаа аялах дуртай хүүхэд байсан болохоор зөвшөөрч цуг явсан. Тэр үеэс л хамтарч ажиллан, нийлэх үедээ нийлж, салах үедээ салаад явж байсан юм. Харин сүүлд Ерөнхий сайд болоход нь албан ёсоор ЕС-ын гэрэл зурагчин гэдэг үүднээс ажиллаж эхэлсэн.
-Улс төрийн хүний гэрэл зурагчин учраас энэ олон жилийн хугацаанд гадаад, дотоод айлчлал гээд олон газраар хамт явсан байх? Ер нь төрийн хүний зурагчин байх ямар байдаг бол?
-Монголын 21 аймгаар их явсан. Мөн Ерөнхий сайд болоход нь гадаадын томилолтоор 7 улсад хамт очсон байдаг. Орос, Хятад, Япон, Солонгос, Судан, Америк, Казахстан гэх мэт. Гэрэл зурагчин нь учраас яалтчгүй хамт явж л таардаг. Гадаад айлчлалууд маш богино хугацаанд явагдаж, олон уулзалт, хэлэлцээр хийх шаардлагатай байдаг учраас маш нарийн төлөвлөгөөтэй явагддаг. Гэтэл хүмүүс Г.Ган-Өлзий гэдэг хүн ЕС-ыг дагаад 7 орноор аяласан мэт л ойлгоод байдаг. Харин бодит байдал дээр тэнд очоод, онгоцны буудал дээр буухаас эхлээд ямар ч зав чөлөөгүй байдаг. Би У.Хүрэлсүх даргыг буухаас өмнө бууж зургийг нь дарах ёстой, айлчлалын үеэр ч байнга хамт явж, үйл явдлуудын дунд самбаачилж зураг дарна, буцах гээд онгоцонд суухад нь ч гадаа үлдээд араас нь зургийг нь аваад, дараа нь арынх нь хаалгаар ч юм уу, өөр хаалгаар орж, онгоцондоо суудаг. Энэ мэтчилэн маш завгүй ажил. Түүнээс биш гадаадад очоод зугаалаад, аялаад, эхнэр хүүхэддээ чихэр авах гээд явдаг зүйл огт байхгүй. Улс улсаас ирсэн түмэн зурагчид ярайгаад зогсож байдаг учраас тэдний дунд орж, самбаачилж зураг дарах хэрэгтэй болдог.
-Гадаад дотоодын айчлал, үйл ажиллагаануудаас танд хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?
Ямарваа нэгэн айлчлал тодорхой зорилготой байдаг. Улс орны төрийн өндөрлөгүүд уулзаж, тодорхой асуудал хэлэлцэж эсвэл гэрээ байгуулдаг. Тэр бол айлчлалын хүрээний зүйл. Харин айлчлал дууссаны дараа тухайн үед яригдсан гэрээ, хэлэлцээрүүд үр дүнд хүрээд, Монгол орны хөрсөн дээр буун ажил хэрэг болж эхлэх л хамгийн гоё. Жишээ нь, бид өмнө нь бүх зүйл дээр гүний цэвэр усаа хэрэглэдэг байсан бол АНУ-д айлчилж, хэлэлцээр хийсний үр дүнд саарал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах санхүүжилт авахаар болсон. Энэ мэтчилэн зүйлс дээр улс орныхоо өмнөөс маш их баярладаг. Харин хувь хүний тал дээр гэвэл улсынх нь хүмүүс ч тэр бүр харж чаддаггүй дэлхийн том улс төрчид миний өмнө зогсоод инээгээд, гар бариад зургаа даруулна гэдэг маш том хувь зохиол гэж боддог.
– Улс төржүүлээд байгаа зургийнх нь цаана жирийн нэг уран бүтээлч хүн бий гэдгийг хүмүүс ойлгодоггүй-
-Сүүлд У.Хүрэлсүх даргын морь бугуйлдаж буй зураг сошиал орчинд шуугиан тарьсан. Тус зургийг та дарсан уу? Хэзээний зураг юм бэ?
-Өнгөрсөн зун буюу 2020 оны наймдугаар сард хөдөө амарч байх үед нь авсан зураг. Монгол хүн юм чинь морь малтай ноцолдоно. Өөрөө ч морь малд их дуртай хүн. Ямар сайндаа л “Монгол морийг амьдаар нь урагш гаргаж болохгүй. Ядаж сүнс нь эх орондоо үлдэг” гэж хэлж байсан хүн. Одоо сошиалаар яваад бөөн шуугиан тариад байгаа зургууд бол бүгд 2020 оны сүүлээр гарсан миний өөрийн уран бүтээлийн альбом байхгүй юу. Гэтэл тэрийг одоо янз бүр болгоод сошиалаар тараагаад л байна.
-Өөрийн тань зургийг хүмүүс сошиал дээр янз бүрээр өөрчлөөд түгээж байна. Энийг харахад танд ямар санагддаг вэ?
-Өөрийнхөө зургуудыг тийм байдалтайгаар харахад сэтгэл маш их өвддөг. Бусдын сэтгэл зүрхнээсээ бий болгосон уран бүтээлийн ажлыг юу ч болоогүй юм шиг нулимаад, сараачиж байгаа байхгүй юу. Үнэхээр хэцүү санагддаг. Би бол тэр тал дээр маш их эмзэглэж, зүрх өвддөг. Улс төржүүлээд байгаа тэр зурагных нь цаана жирийн нэг уран бүтээлч хүн байгаа гэдгийг хүмүүс ойлгодоггүй.
-Таны зургууд оюуны өмчөөр хамгаалагдсан байдаг байх. Энэ асуудлаар Оюуны өмчийн газар хандъя гэж бодож байсан уу?
-Гэрэл зураг бол оюуны өмчөөр хамгийн их хамгаалагдсан зүйл. Жишээлбэл, би чиний зургийг дарах гээд товчлуур дарах төдийд тэр оюуны өмчөөр баталгаажиж байдаг. Түүнээс биш, би эхлээд зургаа дарчихаад, дараа нь Оюуны өмчийн газар очоод баталгаажуулдаг юм биш. Гэрэл зургийн гол онцлог нь энэ. Зургийн аппаратны товчлуур дарах тоолонд шууд оюуны өмчөөр баталгаажиж байдаг. Гэхдээ сошиал дээрх зургуудын асуудлаар би Оюуны өмчийн газарт хандаагүй. За яах вэ гээд л өнгөрөөсөн. Уг нь зураг бүр дээрээ асуудал үүсгээд, Оюуны өмчийн газар хандаад явах хууль, эрх зүйн боломж бүрэн байгаа. Яагаад гэвэл тэр чинь миний бүтээл шүү дээ.
-У.Хүрэлсүхийн зурагчин хүнээс түүний хувийн зан чанарын тухай асуулгүй өнгөрч болохгүй байх? Та 11 жил хамтарч ажиллаад, хажуунаас нь ажиглахад У.Хүрэлсүх хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?

-У.Хүрэлсүх дарга яг хажууд нь байхад маш энгийн хүн. Хүнийг явуулах дуртай, хүнтэй тоглох дуртай, хүмүүсийг их хөгжөөдөг. Жишээ нь, намайг танилцуулахдаа “Манай зурагчин. Ганцаараа аяладаг, байгалийн зураг дарах их дуртай. Ямар сайндаа л миний зургийг дарах гэж байснаа хажууд эрвээхий нисэхээр тэр эрвээхийг дагаад явчихсан” гэх мэтчилэн зүйлс ярьж хүмүүсийг инээлгэдэг. Ялангуяа хүүхдэд их хайртай. Хүүхэдтэй байх үед зургийг нь дарахад тэр хүний харц уяралын дээд байдаг.
-У.Хүрэлсүх дарга хурандаа хүн, цэргийн хүн болохоор захирангуй зан чанартай байх гэж бодож байсан. Тийм биш гэсэн үг үү? Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад хүмүүсийг загнаад яваа л харагддаг?

-Мэдээж ажил явагдаж байгаа учраас тиймэрхүү тохиолдол гарна шүү дээ. Улс төрийн өндөр албан тушаалтай хүн шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ мэдээж зохистой хэм хэмжээн дотроо л шаардлага тавина. Түүнээс биш захирлаа захирлаа гээд тэр хүн хаан биш шүү дээ.
-Улс төрчдийг хүмүүс олны өмнө багтай байдаг гэж боддог. Та яг хажууд нь байдаг хүний хувьд тэр хүнийг камерны өмнө болон ард хэр өөр байдаг гэж боддог вэ?
-Тэр хүнд баг байдаггүй ээ. Яг тэр мөчид ямар эмоцитой байгаа, яаж хандмаар байгаа түүнийгээ л гаргадаг. Хэрэв багтай байсан бол хүмүүсийн өмнө уурлаад байх ямар ч шаардлага байхгүй. Таалагдахын тулд инээгээд, найрсаг л байна биз дээ. Гэвч тийм биш. Хэлмээр байгаа юмаа хэлнэ, шаарлага тавих ёстой бол тавина. Уурлах үе мэдээж байдаг, надад ч бас уурлаж л байсан. Гэхдээ тэр бол мөнхийн зүйл биш, тухайн цаг үеийн л асуудал.
-Аргалийн хурганы зураг дарах гэж 3 хоног нуувчинд хүлээж байсан-
-Таны хувьд ганцаараа аялаж, байгалийн зураг дардаг гэсэн. Тэгвэл өөрийн дарж байсан хамгийн их тэвчээр, цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан зурагныхаа түүхийг яриач?

-Би нэг удаа аргалийн хурганы зураг авмаар санагдаад. Их нарт гээд байгалийн тусгай хамгаалалттай газар авах боломжтой гэхээр нь очтол яг миний авах зайд аргаль орж ирдэггүй. Үргээд, дандаа холуур яваад байсан. Тэгэхээр нь судалж байгаад өглөө, оройдоо орж ирдэг усных нь ойролцоо нуувч бариад, ороод хэвтчихсэн. Гэтэл тийм сонор байдаг юм уу эсвэл үнэр сайн мэдэрдэг юм уу бүү мэд, ерөөсөө орж ирдэггүй. Би гурав хоног хүлээгээд, гурав дахь хоногийнхоо орой харанхуй болох гэж байхад “за за болъё доо” гэж бодож байтал гурван аргаль, хоёр хургатайгаа ороод ирсэн. Камераа аваад л хоёр, гурав дарахад шууд үргээд алга болчихсон. Гэхдээ л би дарж амжсан. Энэ мэтчилэн хүлээх эсвэл заримдаа бүтэлгүйтэх үе зөндөө бий.
– Жирийн хүмүүс сайн, муу гэрэл зургийн ялгааг төдийлөн сайн олж харж чаддаггүй. Тэгвэл мэргэжлийн хүний нүдээр сайн гэрэл зурагт ямар шалгуур тавигддаг вэ?
-Зураг өөрөө ямар нэг хэмжээгээр хүний анхаарлыг татаад, бусдад тодорхой мэдээллийг өгч байх ёстой. Хэрэв ингэж чадвал тэр амьд зураг. Нөгөө талаасаа гэрэл зураг өөрийн гэсэн хэмжүүрүүдтэй. Зохиомж байх ёстой, гэрэл сүүдэр таарсан байх ёстой эсвэл хэлэх гээд байгаа илэрхийлэмжүүд нь харагдаж байх ёстой гэх мэтчилэн. Ийм байж чадвал сайн гэрэл зураг, тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан зураг болно.
– Гэрэл зураг дарах нь хүнээс ямар ур чадварууд шаарддаг вэ? Сайн зурагчин байх төрөлхийн авьяас, мэдрэмж үү эсвэл хичээл зүтгэл, туршлагын үр дүн үү?
-Мэдээж зурагчин хүнд тодорхой хэмжээний мэдрэмж хэрэгтэй. Бас үүн дээр хүний өөрийн хичээл зүтгэл, бүтээлч сэтгэлгээ, шаргуу байдал, өөрийгөө шахаж суралцах чадвар маш чухал. Эдгээр ур чадвараа олж хараад хөгжүүлж чадвал хурдан сайжрах боломжтой. Би 2007 онд гэрэл зураг сонирхож эхэлж байхдаа зай завсаргүйгээр бусад хүмүүсийн гэрэл зургийг үздэг байсан. Энэ бүхэн хүний харааны ой тогтоолтод нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг харсаар байгаад толгойдоо хүчээр суулгаж өгнө гэсэн үг. Тэгэхээр миний ой тогтоолтод суучихсан тэдгээр зургууд эргээд надад гэрэл зургийн зохиомж, үнэлэмж, ийм зураг гоё гэсэн мэдрэмжүүдийг хэлж өгч байдаг. Тиймээс анх гэрэл зураг сонирхож байгаа хүмүүст хандаж хэлэхэд маш их зураг үзээрэй гэж зөвлөе.
-Та цаашдаа ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Би Nomadic Overland гээд аялалын Youtube суваг нээж, ажиллуулж эхлээд байгаа. Хүмүүс намайг ганцаараа аялаад, ийш тийш явдаг болохоор тухайн мөчүүдээ бичлэг болгож, хүмүүст үзүүлээч гэж их хүсдэг. Тийм болохоор хүмүүст сонирхуулах үүднээс цаашдаа аялалын бичлэгүүдээ оруулна. Одоо ч нэлээд олон бичлэг орчихсон байгаа. Мөн цаашдаа амьтдын зураг авах төлөвлөгөөтэй байна.