ЗААВАЛ УНШ: Хүүхдийг долоо хоногийн дотор гар утаснаас “салгах” арга

Хүн төрөлхтөний гар утастай танилцсан түүх тун саяхных. Тодруулбал, 40 гаруйхан жилийн түүхтэй. Гар утсанд “ухаалаг” гэх тодотгол орж, хүүхэд гэлтгүй хүн бүрийн хэрэглээ болсон нь бүр ч саяхных. Гэвч хагас зуун жил ч хүрэхгүй энэ хугацаанд хүн төрөлхтөн улам залхуу болж тэдний тархийг ухаалаг утас л орлох болжээ. Хүүхдүүд мөнгө нь байгаа ч ном авч унших хүсэлгүй, ухаалаг утас авах хүсэл байвч мөнгөгүй тийм цаг үе иржээ.
Тэгэхдээ хүүхэд холбоо барих хэрэгсэлтэй байх нь зөв ч, тэр нь ухаалаг байх нь тийм оновчтой сонголт биш ажээ. Тиймээс iToim агентлаг хүүхдийн хөгжиж буй оюун санаанд сөргөөр нөлөөлдөг ухаалаг гар утас, “Wi-Fi”-г сургуулийн орчинд, хичээлийн цагаар хязгаарлах нь зөв, эсэх тухай хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
ОЛОН УЛСЫН ЖИШИГ
Япон
Ухаалаг гар утсыг сургуулийн орчинд хязгаарласан олон улсын туршлага олон. Тухайлбал, Японы Айчи мужийн Кария хотод бүх бага болон дунд сургуулийн сурагчид оройн 21.00 цагаас хойш ухаалаг гар утас ашиглахыг хоригложээ. Хотын захиргаанаас Японд нийтлэг тохиолддог бусдыгаа дээрэлхэх үзлээс гадна сурагчдын анхаарал төвлөрөлт, эрүүл мэндийг бодолцон ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод эцэг, эхүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг оройн 21.00 цагаас хязгаарлах бөгөөд интернэт орчинд холбогдох төхөөрөмжүүдийг хамт салгах ёстой аж. Энэ нь ч үр дүнгээ өгч, сурагчдын нийгмийн идэвх сайжирч, сурлагын амжилтад нь огцом өссөлт гарчээ. Гэвч хамгийн чухал нь, багш нар сурагчдад аль болох интернэт орчмоос хол даалгавар, бие даалт өгөх хэрэгтэйг сануулжээ.
АНУ
Дэлхийн 1.1 сая гаруй оюутан төвлөрдөг оюуны төв АНУ-ын Нью-Йорк хотын сургуулиуд сургуулийн орчинд гар утсыг бүрэн хориглосон байна. Гэвч есдүгээр сарын 11-ний халдлагын дараа нийгмийн сэтгэлзүйн түгшүүр нэмэгдсэнтэй зэрэгцэн хүмүүсийн гар утасны хэрэглээ ч дагаж нэмэгджээ. Тиймээс хотын захиргаа тогтоолоо эргэн харах шаардлагатай болж зөвхөн сургуулийн орчин болон оюутны хотхонуудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглох болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл гар утсанд суурилсан хичээлийн хөтөлбөргүй л бол оюутан сурагчид эцэг, эхтэйгээ дуудлага хийх зорилгоор л энгийн гар утас хэрэглэх болжээ. Хамгийн сүүлд АНУ-ын Виржина, Мэрилэнд хотууд сургуулийн орчинд ухаалаг гар утас хориглох заалтыг мөрдөж эхэлсэн байна. Ингэснээр сурагчид хичээлийн цагаар чатлах, нийгмийн сүлжээнд холбогдох, утсаар дамжуулан гэмт бүлэглэлүүдтэй холбоо тогтоож, уруу татагдах зэрэг үйлдлүүдийг таслан зогсоож чаджээ. Зарим сургуулийн сурагчид сургууль руу орохдоо гар утсаа хадгалуулах газарт утсаа хадгалуулж, оронд нь сургуулийн өдрийн хоолны тасалбараа авдаг байна.
Испани
Испанийн Кастил-Ла Манча муж гар утасны хэрэглээг сургуулийн орчинд өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн хязгаарласан байна. Тус мужийн 14-32 насныхны 95 хувь нь гар утас хэрэглэдэг тэдгээрийн 67 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг байжээ. Харин энэхүү хязгаарлалтын дараа нийт гар утас хэрэглэгчдийн тоо буураагүй ч ухаалаг утаснаас татгалзагчдын тоо 54 хувьд хүрчээ. Сурагчид тэмдэглэлийн дэвтэр бараг хэрэглэхээ больсноос гадна, гэрийн даалгавартай эсвэл маргааш шалгалттай, эсэхээ тэмдэглэж авахаа байснаар сурлагын хувьд тун тааруу болжээ.Түүнчлэн газар зүй зэрэг зарим хичээлд сурагчид багшийн ярьж байгааг дуу хураагуур, видео маягаар бичиж авч, бие даалт зэрэг зарим судлах ажлаа интернэтээс хайгаад вэбийн линктэй нь засч, янзлалгүй хуулаад ирэх болжээ. Хамгийн гол нь тухайн бие даалтаа хамгаалах чадвар байхгүй болсон байна. Тиймээс тус мужийнхан ийм шийдвэрт хүрсэн байна.
Шотланд
Шотландын багш нарын холбоо гар утсыг хичээлийн цагаар албан ёсоор хориглохыг уриалан, эцэг эхүүдтэй хамтран Засгийн газартаа санал гаргасан байна. Шотландын Засгийн газрын зүгээс гар утас нь кибер хүчирхийлэл үүсгэж, сурагчдын анхаарлыг сарниулах, цаашлаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн дүгнэж, энэ асуудлыг боловсролын бодлого болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хятад
Харин Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг хэд хэдэн улсад интернэт, ухаалаг гар утас, төхөөрөмжинд донтсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төв, сэтгэцийн эмнэлгүүдэд ухаалаг утсанд донтогсдод зориулсан тасаг хүртэл нээсэн байна. Өөрөөр хэлбэл, тус улсуудад ухаалаг утсанд донтохыг шинэ төрлийн өвчинд тооцох болсон байна. Интернэт орчин бол ухаалаг гар утас, таблет зэрэгт донтох эх үүсвэр нь байдаг.
Дэлхий нийт Хятад улсыг интернэтийн хэрэглээг хянадаг, хүний эрхийг боодог хэмээн шүүмжилж хардаг. Гэхдээ бодит байдал дээр Хятадын Үндэсний цахилгаан холбооны компани сар бүр 700 зуун мянган шинэ хэрэглэгчийг нэмж байгаа аж. Энэ нь интернэт донтолтын тоо өсөхөд ч нөлөөлж байна. Үүнээс үүдэн Засгийн газар нь интернэтийг хянахаас өөр аргагүйд хүрсэн.
Хятадын интернэт донтолттой холбоотой аймшигт түүх 2002 онд эхэлж, хүмүүст цочрол өгсөн гэж болно. 2002 онд Хятадын бүртгэлгүй интернэт кафед гал гарч дотор нь хонуудаар онлайн тоглоом тоглож байсан 25 хүн амиа алдсан юм. Үүнээс төд удалгүй 20 цаг тасралтгүй “Legend of Mir 2” тоглоомыг тоглож байгаад амьсгал хураасан хэрэг гарч, араас нь Чонжин мужид хоёр хүүхэд онлайн тоглоомонд хожигдсоныхоо улмаас галт тэргэнд дайруулж амиа хорлосон, дараа нь Чунцинд интернэт хэрэглээг нь хориглосных нь төлөө аавынхаа амийг хороосон, Тяньжинд 13 настай хүү 36 цагийн турш “World of Warcraft” тоглоомыг тоглож дуусаад, тоглоомын баатруудыг дуурайн 24 давхар барилгын дээвэр дээрээс үсэрсэн гээд хэвлэлийн хуудаснаа олныг цочирдуулсан мэдээ тасрахаа больж, интернэт донтолт тоохгүй байх асуудал биш, эдгээх аргагүй өвчин болсон гэдгийг харуулсан юм.
ХҮҮХДИЙНХЭЭ УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ.
АРГА1
Хүүхдүүдийн маань бүтээлч сэтгэлгээнд саад болж, сурлагын дүн, тэр байтугай ааш занд нь хүртэл нөлөөлж байгаа ухаалаг гар утсыг энгийн товчлууртай, холбоо барих гар утсаар сольё. Шинэ-Монгол, 84, 24, 93, 20 дугаар сургуулиудын хэрэгжүүлж эхэлсэн “сургууль дээр ухаалаг гар утас хэрэглэхгүй байх” журмыг бүх дүүрэг бүрт, аймаг нийслэлийн бүх сургуульд хэрэгжүүлэх шаардлагатай. 20-дугаар дунд сургуульд л гэхэд сурагчид 45 мянган төгрөгөөс дээш үнэтэй утас барих нь хориотой аж. Энэхүү санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн чихэнд хүрч, улсын хэмжээний бодлого болтол нь дэмжин, хэрэгжүүлье.
АРГА 2
Гэртээ ч ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах ашиглахгүй журам мөрдье. Ялгаатай шүү. Сургуулийн орчинд бүр хориглож, гэртээ хязгаартай хэрэглэж суръя. Технологийн суутан Стив Жобсын гэрт энэ дүрэм үйлчилж байсан гэдэг. Тэрээр гэртээ гар утас хэрэглэхгүй байх журмыг хэрэгжүүлснээр номын сан дахь номны тоо нэмэгдэж, гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цаг хүртэл ихэссэн гэдэг.
АРГА 3
Сургуулийн орчин дахь 3G, “Wi-Fi”-ийн сүлжээг бууруулъя. Гадаадын их сургуулиудад ийм хандлага их байдаг бөгөөд хүний эрхийн хууль зөрчиж байгаа мэт боловч бүтээлч байдлыг сайжруулахад тустай. Сургуулийн анги танхим “Wi-fi” орчингүй, сүлжээ унадаг байхад сургууль дээр утас хэрэглэх боломжгүй болно. Түүнчлэн фэйсбүүк, инстаграм гээд өсвөр насныхны хамгийн их ордог нийгмийн сүлжээг сүлжээнээс блоколж, орох боломжгүй болгох.
Ухаалаг утас оюун санаагаар дамжиж зөвхөн сурлагад сөргөөр нөлөөлдөг .
Эрүүл мэнд, хүчирхийлэлд өртөх, интэрнэт орчны замбараагүй хэрэглээнээс өөрийнхөө нас онцлогт тохироогүй зүйл үзэх зэргээр бидний хүүхүүд мэдээллийн террорт ч өртөж байна. Ямарч хэрэглээ хэтрэхээрээ дон болддог. Гар утасны хор хөнөөл бол тамхинаас илүү хортой гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин нэмэгдэж очдог аж. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг байна. 20 хүртэлх наснаасаа өмнө гар утас хэрэглэсэн хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж, зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг , оюун ухаан, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, оюун санааны хямрал, стресст орох шалтгаан болдог, анхаарал сулруулдаг, цусны эргэлтийг удаашруулж, дархлааг сулруулдаг, генетикт нөлөөлдөг гээд гар утасны сөрөг үр дагавар, хор уршгийн талаар хүн бүр л мэддэг, сонссон байдаг. Ерөнхийдөө бол “Гар утас эрүүл мэндэд хортой”-г хүн бүр мэддэг хэрнээ өдөр тутам сонссоор дасал болсон уу, энэ тал дээр ач холбогдол өгөхөө больсон.
Гэхдээ бид дадал зуршлыг олж авсан шигээ, эргээд засах, үгүй болгох боломж 100 хувь. Ердөө үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх биш өөрөөсөө эхлэн тэмцэх хэрэгтэй болоод байна. Гар утас хүний эрүүл мэндэд хортой, эсэх талаар судлаачид төдийгүй олон нийт маргаж байна. Гэхдээ гар утас эрүүл мэнд гэхээсээ илүү хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн их хор нөлөө учруулж байгааг эрдэмтэд нэгэнт тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ухаалаг утас таны хүүхдийн хүн болж төлөвшихөд сөрөг нөлөөтэй. Ер нь ухаалаг утас таны хүүхдэд тамхинаас ч илүү хортой.