Хэрэлдэж, зодолдон “НААДАМЛАХ ДОН” шүгэлсэн монголчууд
мэдээ

Хэрэлдэж, зодолдон “НААДАМЛАХ ДОН” шүгэлсэн монголчууд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө гэх үү дээ. Шинэ аварга, арслан төрж, хурдан морины уралдаан ч элдэв будилаан багатай өндөрлөв.

Зарим нэг бөхчүүдийн “ярга” үйлдлийг эс тооцвол шүү дээ. Жишээ нь улсын арслан Э.Оюунболд өөрийг нь давсан аймгийн начин Ё.Улсболдыг зодохоор дайрсан, улсын харцага Б.Одгэрэл цэргийн начин Э.Мөнх-Эрдэнийг барилдааны үеэр “шанаадсан” зэрэг үйлдэл гарав.

Гэтэл улсын наадмыг залгаад 21 аймаг, 330 сумдад “хавтгайрсан” наадам зохион байгуулагдав. Наадам болгон дээр л нэг дуулиан шуугиан дэгдээсэн хэрүүл зодоон үүслээ гэхэд хилсдэхгүй. Зарим аймаг бүр хоёр удаа бөхийн барилдаан зохион байгуулж ч байх шиг. Нэг нь цол олгодог, нөгөөх нь бай шагнал олгодог гэж бяралхаж байх жишээтэй. Нийтдээ 42 аймаг, 660 сумын наадам зохион байгуулдаг болж байх шиг байна. Сүүлийн хоёр гурав хоногт л гэхэд гурван ч аймгийн наадам хэрүүл зодоон дуулиан шуугиантай өндөрлөв. Золтой нэгийнхээ аминд хүрчихсэнгүй.

Жишээ дурдахад:

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат улсын харцага А.Цацабшир түрүүлж, Айраг сумын харьяат, аймгийн харцага Б.Бадрал үзүүрлэсэн наадмыг шударга бус, найраатай гэж үзсэн иргэд зүлэг ногоон дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлж буй бичлэг цахим орчин цацагдсан.

Хөвсгөл аймгийн наадам дээр асар майхныг авч шидэлсэн асар хурц хэрүүл болж өндөрлөв. Тодруулбал, найрааны начин, заан түрүүлэв хэмээн ард түмэн эсэргүүцэж амиа өгөх шахам өмөөрдөг байсан Ц.Содномдоржоо сав, лааз шидэн хөөсөн билээ. Арга ч үгүй биз түрүүлсэн Э.Батсуурь нь улсын харцага Г.Элбэгийн хүү бол үзүүрлэсэн Б.Адъяасүрэн нь Ц.Содномдорж арслангийн дүү байсан юм.

Дундговь аймгийн 80, 81 жилийн ойн баяр наадамд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбат түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн начин М.Баттүвшин үзүүрлэсэн. Тус наадамд С.Сүхбат Дундговийн начинг нэг даваанд гурав даван байж түрүүлсэн нь хүртэл хэрүүл тэмцэл дагуулав.

Энэ бүхнээс харахад “хөгжөөгүй хөгжлийн ойгоо” тэмдэглэн суугаа ард түмэн бухимдаж, жанжилчилдах, уралцаж мэтгэлцэх нь эрс нэмэгдсэн хэд хоног л болж өндөрлөлөө.

Үүнтэй зэрэгцэн морин уралдааны үеэр хэдэн ч бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохиров. Зарим уяачид унаач хүүхдүүдэдээ шажигнадаг цаас, урт суран ташуур өгч явуулж, гүйцэж ирсэн морьдыг үргээх хорон атгаг санааг хэрэгжүүл хэмээн тушаадаг сурагтай. Энхрий бяцхан үрс өөрөө ч мэдэлгүй “алуурчин” болдог зарчим энэ ажгуу.

Бас нэг дуулиан шуугиан нь эрлийз морьдоо сэрвээний өндөрт нь тэнцүүлэх гэж туурайг нь цус гартал хуурайдаж, сэрвээг нь зүүгээр шивдэг гэдэг нь ч нотлогдоод буй. Энэ мэдээлэлтэй холбоотой нийтлэлийг энд дарж уншина уу.

Хэрэлдэж, зодолдон “НААДАМЛАХ ДОН” шүгэлсэн монголчууд ийнхүү өв уламжлал, ёс заншил, эрийн гурван наадмынхаа мөн чанар, үнэ цэнийг умартаж, өнгө мөнгө, алдар нэрийн төлөөх улайрал болгосноо үйлдлээрээ харуулсаар…

Өнөөдөр бөхийн үзүүр, түрүү булхайтай, хурдны манлай нь хуудуутай, унаач хүүхэд бэртэж, эндэх нь энгийн л үзэгдэл мэт болжээ.

Эцсийн эцэст наадамчин олон та бүхнээсээ нэг л зүйл асууя. “Эрийн гурван наадам уу, ХЭРҮҮЛИЙН ГУРВАН НААДАМ УУ”.

Related Articles

Back to top button