Шатрын дэлхийн аваргыг үндэсний бөхөөс ДООГУУР үнэлэх вий

Эргэн санахад: Бат-Эрдэнийн Мөнгөнзул 2013 оны 12 дугаар сарын 18-29-ний хооронд Арабын нэгдсэн Эмирт улсын Аль Айн хотноо болж өнгөрсөн өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
Тодруулахад, тэрбээр найм хүртэлх насны ангилалд Эрдэнэтийн “Хангаръд” спорт клубын шатарчин, Орхон аймгийн 14 дүгээр дунд сургуулийн “3б” ангийн сурагч байхдаа есөн хожил, нэг хожигдол, хоёр тэнцээтэй аман хүзүүдэн ДАШТ-ий мөнгөн медалийн тавцанд зогссон юм.
Тэгвэл есөн насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Б.Мөнгөнзул охин 17 насандаа “Шатрын олимп” гэж нэрлэгддэг Дэлхийн аваргын тэмцээний дөрөвдүгээр ширээнээс Монголын анхны алтан медалийг хүртэж бахархам амжилтын эзэн боллоо.
Түүний амжилтаас бид юуг хүлээж болох вэ:
Манай улсад тогтсон, нийтлэг жишгээр төсөөлвөл, түүний энэ амжилтыг бид гарцаагүй мялаах учиртай. Бөхийн барилдаан, хурдан морьдын уралдааны түрүү, олимп, дэлхийн медальтнуудыг үнэлдэг гавьяа цол, байр, машин. Ялангуяа Монголчууд бөх, морьдынхоо төлөө амиа тавьж, байдагаа барж ханадаггүй түмэн. Улсын их хурлын гишүүд нь хүртэл бөх, морио дагаад байр, машин амлаад айлын эрх хүүхэд шиг дагаад гүйчихнэ. Энэ байдал хэнд хэрэгтэй вэ.
Үүгээр ч зогсохгүй улсдаа татвар ч төлдөггүй бөхчүүдээ цэрэг, цагдаагийн өндөр цолоор ямар ч үндэслэлгүй шагнаж, салбарынхаа нүүрийг баллуурддаг нь худлаа биш. Гэвч манайхан оюун ухааны спортод үүнээс тэс өөрөөр хэлгүй, дүлий хандах нь элбэг. Учир нь шагнаж урамшуулахын тухайд тэр хүнээрээ дамжуулан нэр, нүүр олж авч болох эсэхээ давхар тооцоолдог байдал нь үүнд нөлөөтэй. Ойлгуулан хэлэхэд дээр дурдсан бүхнийг түүнд өг гэж байгаа юм биш, тэр хэмжээнд үнэлээсээ хэмээн хүсэж байна. Түүний өрөг бүр амаргүй, хүнд байсан нь мэдээж. Талбайдаа цуглаад төрийн дуулал эгшиглүүлэхгүй нь ойлгомжтой ч дэлхийд данстай Монгол шатарчдынхаа бахархам амжилтыг бусдаас нь дутуугүй үнэлнэ гэдэгт итгэж байна.