“Моннис” групп Б.Мөнгөнзулд автомашин бэлэглэх эрхийн бичгээ гардуулав

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.08.13/ түүний энэ амжилтыг үнэлж, “Моннис” группийн хамт олноос “Renualt Sandero Stepway” маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардууллаа.
Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85 хувийн хожил авч, ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.
“МОННИС МОТОРС” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ЧИНЗОРИГТ:
-Манай групп 1800 гаруй ажилтантай. Нийт зургаан салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 11 охин компанитай. Монгол хүний хувь хүний хөгжил бол улсын хөгжил. Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг байлах арга хэмжээгээ удахгүй зохион байгуулах гэж байна.
Мөн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн дээд лиг зэрэг маш олон спортын амжилтыг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэлж ирсэн. Мастер Б.Мөнгөнзулын хувьд түүхэн амжилтыг гаргаж, анхны алтан медалийг хүртэж чадлаа. Монголчууд хүчний спортоос гадна оюуны спортоор дэлхийд амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг батлан харууллаа.
“Моннис” группийн зүгээс залуу тамирчныг урамшуулж, ирээдүйн амжилтыг нь бататгах зорилгоор автомашин бэлэглэж байгаа юм. “Моннис” групп 25 жилийн ойгоо угтаж “Motors renualt” брэндтэй хамтран шагналыг өгч байгаа. Учир нь “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэдэгчлэн бид Монголын ирээдүй болсон оюун ухааны спортоор амжилт гаргасан дүүдээ хамт олныхоо зүгээс баяр хүргэе. Мөн ирээдүйд Б.Мөнгөнзултай маркетинг тал дээр хамтран ажиллахад нээлттэй байна.