Н.Жавхлан: Бор талын халуун рашаанд нутгийн иргэд бохир хувцсаа угааж байна
мэдээ

Н.Жавхлан: Бор талын халуун рашаанд нутгийн иргэд бохир хувцсаа угааж байна

Монголчууд бид рашаан булаг битгий хэл, урсгал усанд цус, сүү, хир буртаг хүргэхийг цээрлэж ирсэн уламжлалтай ард түмэн. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Бор талын халуун рашаанд нутгийн иргэд хир буртгаа угааж байгаа бичлэг амралтын өдөр интернэт орчинд тавигдаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Бид уг бичлэгийг олон нийтэд хүргэсэн иргэн Н.Жавхлантай холбогдож тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулсан юм.

-Таны фэйсбүүк хаягтаа тавьсан бичлэг олон нийтийг багагүй бухимдуулах шиг боллоо. Энэ бичлэг яг үнэн бодитой юу. Хэзээний бичлэг вэ?

-Одоогоос зургаа хоногийн өмнө (2022.VIII.10) буюу өнгөрсөн лхагва гарагт ээж, ах дүү нартайгаа рашаанд суух гэж очих үедээ хийсэн, үнэн бодитой бичлэг.

-Хиртэй хувцсаа халуун рашаанд угааж байсан тэдгээр иргэдээс эл үйлдлийнх нь учрыг асууж, шаардлага тавьсан уу?

-Шаардлага тавьсан. “Зүгээр ээ. Бид угаасаа ингэж угаагаад сурчихсан юм аа. Дандаа л ингэж угаадаг” гэж хариулж байсан. Бас нэг хүн “Ингэж угаавал лус баярладаг юм” гэсэн.

-Рашааны ойр орчимд нөхцөл байдал ер нь ямар байсан бэ. Та бичлэг дээрээ “Мэлхий их үхсэн байна” гэж байсан?

-Эргэн тойронд нь амрагчид, рашаанд орохоор ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Гэсэн ч нутгийнхан байсгээд шуудай, шуудайтай хувцас авчирч, өврөөсөө нидрүүлэг гаргаж ирээд л угаадаг юм билээ. Рашааны урсацын дагуу мэлхийнүүд нэлээд үхсэн байсан.

-Нутгийн иргэд рашааны эхэн дээр нь хувцас угааж байхад амрагчид халуун рашаанд яаж орж байсан хэрэг вэ?

-Хажууд нь байрлах байшинд зориулалтын модон тэвштэй. Амрагчид тэвшинд усаа дүүргэж байгаад яг л зааврын дагуу рашаандаа орж байсан. Бид рашаанд орчихоод буцаагаад асгахад тунгалаг чанараа алдаагүй л байдаг. Харин тэр хавийн нутгийн иргэд бол саван шампуниа барьж ирээд шууд хэрэглэдэг юм билээ. Асгаж байгаа ус нь бохирдож хөөсөрсөн байдалтай болдог. Тэр усаа рашаан руугаа шууд цутгаж байгаа харагдсан.

-Монгол хүний хувьд сэтгэл эмзэглэсэн үү. Та сүлжээнд бичлэг оруулахдаа аймгийн засаг дарга М.Батжаргалын нэрийг дурдаж, нэлээд бухимдсан байдалтай байсан?

-Бухимдалгүй яах вэ. Замд таарсан хүмүүст хэлэхэд “Одоо харин ч гайгүй байна. Манайхан одоо наймдугаар сарын сүүлээр их угаалга хийнэ шүү дээ. Портер, портер хувцастай очиж угаалга хийнэ” гэж байсан даа.

Related Articles

Back to top button