ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС БАЙШИН БАРИХЫН ТУЛД СЭЛБЭ ГОЛЫН УНДАРГЫГ ӨӨРЧИЛЖ, ОЙГ СҮЙТГЭЖЭЭ

Сэлбийн гол тасарч, эзэмших эрхийн зөвшөөрөлтэй гэх алга дарам цаас барьсан иргэдээр нутаг заалгаж, ундаргаа өөрчлөөд “тунин”, “тэнхэл муутайхан” урсаж байна. Мод, бутны үндэс талаар нэг тарж, энд тэндгүй тунарсан ус өмхийрчээ. Ногоон намаг үхжиж, хэвлийгээ том том чулуугаар даруулж, үндэс, ёзоор нь сүйтгэгджээ.

Энэ бол Сүхбаатар дүүргийн XV хороо, Хандгайтын хэсэг, Сэлбийн голын салаанд харсан дүр зураг. Айлууд ойн гүнд мөрөөдлийн байшингаа барьж, энх, тунх амьдрахын тулд голын ундаргыг албаар өөрчилж, ой моддыг сүйтгэж байгаа талаарх иргэдийн мэдээллийн мөрөөр сурвалжилга бэлтгэж яваад дээрх дүр зурагтай таарсан юм.
СЭЛБЭ ГОЛД ХАЙРГА АСГАЖ, УНДАРГЫГ НЬ ӨӨРЧИЛСӨН БАЙГАА НЬ
Цахим орчинд иргэд “Сэлбэ голын эхэнд хаус барьж, голын ундаргыг өөрчилж, мод, бут сүйтгэж байна. Ажил нь эхэлж байхад анх очиж зогсоосон ч хоёр сарын дараа байшин нь сүндэрлэжээ. Тэрбум мод тарих биш тэрнээс ихийг үхүүлэх ажил өрнөж байна, Ерөнхийлөгч өө. Нийслэлийн нэг том даргын хамаарал бүхий газар гэхээрээ мод, бут, ургамал сүйтгэж болох юм уу. Сэлбэ гол улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр. Гэтэл өнөөдөр ундны усгүй болгох нөхцөл бүрдүүлчихлээ. Ямар дарга нь гол дээр барилга барих зөвшөөрөл өгсөн юм бэ. Хууль зөрчиж газар олгож, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг таслан зогсоохыг шаардаж, Сэлбэ голоо хайрлахыг уриалж байна” гэсэн юм. Мөн цахим сүлжээнд бичлэг оруулж, мод хядаж, гол дээр шороо асгаж, барилга барьж байгааг харуулсан байдаг. Бид тэдний өгсөн мэдээллийн мөрөөр уг газарт очлоо.
ГОЛ ДЭЭР ШОРОО АСГАЖ, МОД, БУТ ХЯДЖЭЭ

ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛДЫН ХАШАА. 2022.08.17-НЫ 17:00 ЦАГ
Ойн гүнд хоёр давхар тансаг хаус сүндэрлэж байна. Хоёр хүн байшингийн урд талд алх, хадаас, хөрөө нийлүүлж, ухаан сөхөөгүй ажиллаж байв. Шинэ байшингийн хаалганаас дөнгөж арав гаруйхан алхмын цаана Сэлбэ гол хэдэн хэсэг тасарч, энд, тэндгүй урсана. Гол байсан газарт цемент, хайрга, том чулуу дэвсэж, зам гаргажээ. Замын голоор шуудуу ухаж, зэрэмдэглэж хаясан модны үндсээ хажуугаар нь дэвссэн байлаа. Энд нэг биш, нэлээд айл амьдардаг ажээ. Төмөр сараалжин хашаа босгож, байшингийн суурь энд, тэндгүй босгосон байв. Зарим айл нь амьдраад удаж байгаа бололтой тохижоод авсан байлаа. Үнэндээ, айлууд өөрсдийгөө сайхан байлгах, эд хөрөнгөтэй байхын тулд байгалийг байгаль биш болгожээ. Тэдний хашаандаа голтой, модтой, цөөрөмтэй байх хэтийдсэн шунал алхны хурдаар үргэлжилж байна. Бидний очсон эхний хашаа бол шар, саарал сэндвичээр баригдаж байгаа хоёр давхар хаустай айл. Эдний урдхан талд гурван ч айл хашаагаа хатгаж, байшингаа барьсан байна. Бүүр хоёр байшингийн суурь тавиад орхижээ. Чухам тэднийг анх байшин барихад ямар байсныг мэдэх арга алга. Харин бидний хашаанд нь зогсож байгаа энэ айл ойд цоорхой үүсгэж, бургасан шугуй сүйтгэж, байшингийн сууриа тавьсан нь илт байлаа.
“ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРАА БАЙШИНГАА БАРИХ НЬ БИДНИЙ ЭРХ”
МОДЫГ ҮНДСЭЭР НЬ СУГАЛЖ, СҮЙТГЭЖЭЭ.

Хашаа, байшингийн эзэд “Манай газрын тусгай зөвшөөрөлтэй. Өөрийнхөө газар дээр амьдрах байшингаа барьж байна” гэж хариулж байна лээ. Бидний очсон айлын эзэд байхгүй, гүйцэтгэгч компанийнхан ажлаа хийж байсан юм. Харин бид Сэлбэ голоос урагш арав хүрэхгүй алхмын цаана байшин барьж, голын эхэнд хайрга дэвсэж, ундарга өөрчилсөн айлын эзэнтэй уулзсан юм.
Тэрбээр “Манай тусгай зөвшөөрөлтэй. Эзэмших эрхийн 15 жилийн гэрчилгээтэй. Хууль бус юм хийгээгүй учраас тайлбар өгмөөргүй байна. Манайх энд амьдраад удаж байгаа. Мөн бид байшингаа барихдаа мод хугалж, тайраагүй. Энэ хэсэг анхнаасаа ойн цоорхой байсан юм. Харин шаардлагатай ганц, хоёр модыг шилжүүлэн суулгасан байх. Амьдарч болно гээд зөвшөөрөл олгосон шүү дээ. Энэ хавьд жил ирэх тусам айл нэмэгдэж байгаа. Болдог болоод л зөвшөөрөл өгч байгаа байлгүй. Манай хойд талд гол дээр байшин барихаар суурь цутгаж, хайрга дэвсэж байсан ч иргэд эсэргүүцсэнээр ажил нь зогссон. Өөр асуудал байхгүй. Хоёр давхар хаусны ажил удахгүй дуусаж, гадна тохижилт хийх байлгүй” гэв.
ЗАМ ГАРГАХЫН ТУЛД БУРГАС, УЛИАСЫГ СҮЙТГЭЖ, ГЭМТЭЭЖЭЭ

Тэгвэл тэдэнд яагаад ойн санд газар олгож, байгаль сүйтгэх нөхцөлийг бүрдүүлсэн бэ гэдэг асуултад хариулт өгөх хэрэгтэй болно. Хуульд зааснаар ойн санд байшин барих битгий мод таслахыг хүртэл хатуу хориглосон байдаг. Гэтэл энд хууль дүрэм, журам гэж алга. Хэн дуртай нь ойн санд газар аваад, хэд л бол хэдэн мод таслаад, булгалаад, тайраад байшин барьж, зам гаргаж болж байна. Гэхдээ энэ бол нийслэлийн зуслангийн бүс бүрд байгаа ноцтой асуудал. Газрын албаныхан яагаад ойн санг устгах ажилд өндөр үүрэгтэй оролцож, эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг бүлэглэн үйлдэж байна вэ. Энэ асуултад хариулт авахаар бид Сүхбаатар дүүргийг зорилоо. Энд хариулт өгөх хүн алга. Ажлын цаг дууссан, мэдэх хүн нь ээлжийн амралтаа авсан гэх хариулт өглөө.
ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД: ЭКОЛОГИЙН ЦАГДАА, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД БАЙШИН БАРИХ ГАЗРАА ТАНИЛЦУУЛЖ, ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ АЖЛАА ЯВУУЛЖ БАЙНА
Мод бут хядаж, голын урсгал өөрчилсөн хашааны эзэн хэн бэ гэдгийг судалж үзэв. Уг хашаа загвар өмсөгч Э.Энхболдынх гэнэ.
Бид түүнтэй холбогдож дараах тайлбарыг авлаа. Тэрбээр “Манайх байшин барьж байгаа газраа хувь хүнээс худалдаж авсан. Анх яаж олгосон гэдэг нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна. Байшингийн ажил эхэлж байх үеийн зураг байгаа, баримт бий. Учиргүй олон мод, бут хядаж, сүйтгэсэн юм байхгүй. Анхнаасаа ойн цоорхой байсан. Харин бид хэдэн ширхэг бургасыг шилжүүлэн суулгаж, зам гаргасан байгаа. Хашаанд байгаа модны үндэс нь анхнаасаа байсан. Биднийг газар авахад л тайрчихсан, уначихсан, өмх болчихсон байсан. Гадна тохижилтын ажлаа хийхийн тулд хуучин үндэснүүдийг нь сугалж авсан. Анх ажил эхлэхдээ холбогдох байгууллага болох Мэргэжлийн хяналт, Экологийн цагдаагийн албатай холбогдож, танилцуулж, дүрэм журмаар нь ажлаа эхэлсэн. Тухайн газар нь бороо орох үед усархаг болдог учраас шуудуу ухаж, борооны усыг холдуулж байгаа. Үүнийг усны ундарга өөрчилсөн гэж хараад байх шиг байна. Бүх ажил хуулийн дагуу явагдаж байгаа” гэв.

Түүний хэлснээр Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар ойн санд байшин барьж, байгаль орчныг сүйтгэж байгааг нь мэдэж байгаа гэнэ. Бид Ойн тухай хууль зөрчиж, ойн санг сүйтгэх ажлыг төрийн албаныхан өөрсдөө ийнхүү хамтран үйлдэж байгаа энэхүү асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.