“Ийм бойтгыг юуг нь үнэрлэдэг юм, заваан юм” гэсэн ч хожим ойлгосон
мэдээ

“Ийм бойтгыг юуг нь үнэрлэдэг юм, заваан юм” гэсэн ч хожим ойлгосон

Канадаас авсан шүү. Их л үнэтэй дэлгүүрээс. Нэртэй үйлдвэрийн үзэг. Миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Ийм гялгар сайхан үзгээр бичлээ гээд гайхамшигтай үгс урсаж ундарна гэж үү? Хамаг зүйл хэрэглэж байгаадаа биш заяанаас л шалтгаалдаг гэдгийг эртнээс мэднэ. Сайхан үзэгтэй, тохилог ширээтэй бол л сайн сайхан зүйл бичээд байх юм шиг санагчид цөөнгүй.

– Дүү минь, дүү минь одоо чинь хүнийг өмсөж зүүснээр нь үнэлдэг болсон цаг. Гэтэл чи нэг хар өмд, ноосон цамц хоёроос салахгүй юм.

Миний сэтгэл бас л хөдөлсөнгүй. Гагцхүү толгойд бойтог, бойтог, бойтог гэдэг үг өдөржин эргэлдэж байлаа. Хуучин авдрын ёроолд байх миний багын нэхий бойтог. Тэр л бойтогны тухай биччихвэл хамаг хэрэг бүтчих юм шиг санагдаад байх болжээ.

– Эгч ээ, миний бойтог авдарт байгаа болов уу?

– Ямар авдар.

– Ээжийн…

– Харанхуй өрөөнд үз.

Тэдний арван хүн аятайхан амь зуучихаар харанхуй өрөөний буланд ээжийн минь авдар харагдана. Тагийг нь аажуухан нээж доторхийг нь онгичиж гарлаа. Байж байна. Орос эрээн даавуунд их л нямбайлан боожээ. Гаргаж ирээд үнэрлэв. Гэрийн хаяанд гудас дэвсээд хэвтэж байх юм. Их л халуун өдөр. Гэрийн хаяа сөхөөстэй.

– Ээж ээ, хүйтэн хярам уумаар байна.

– Босож ирээд уу.

Гэрт орвол ээж авдрынхаа өмнө зогсож байна.

– Хөөх энэ хэний гутал вэ?

– Бойтог гэдэг юм аа, хүү минь.чинийх.

– Минийх гэж үү? Марзан юм.

– Чи саяхан л ийм жижигхэн байлаа шүү дээ?

– Та юунд наадхаа хадгалдаг юм.

– Миний хүү хожим ихээ том эр болохоороо хааяа үнэрлэж байг гээд л…

– Заваан юм. Юу үнэртэх юм.

– Цаг нь болохоор мэднэ ээ, хүү минь.

Нулимсаа арчивч аандаа асгарсаар байлаа. Ямар ер бусын үнэр… Энэ амьдралын үнэр хүртэл хувирчээ. Бойтог руугаа явахсан.

/Зохиолч П.Батхуяг/

Related Articles

Back to top button