Монголчуудынхаа халуун сэтгэлийн хандиваар БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э.Ананд хүүгийн төрсөн өдөр тохиож байна. Баярын мэнд. Босоод ирээрэй хүү минь…

Монголчуудынхаа халуун сэтгэлийн хандиваар БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э.Ананд хүүгийн төрсөн өдөр тохиож байна. Баярын мэнд. Босоод ирээрэй хүү минь…
Hайман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Хүү эндээс явахдаа багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Харамсалтай нь БНСУ дахь эмнэлэгт үзүүлсний нь дараа цусны хорт хавдартай болох нь мөн тогтоогдож найман удаагийн хими эмчилгээнд орсон хэдий ч хавдар нь дахижээ. Энэ талаар Э.Ананд хүүгийн ээж Ц.Даваагаас тодрууллаа.
- Хавдар нь дахисан гэж сонслоо. Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Миний хүүгийн эмчилгээ нь дуусаад дөрвөн сар болох гэж байна. Дундуур нь долоо хоногтоо нэг удаа ирж цусныхаа үзүүлэлтийг хянаад явж байсан юм. Тавдугаар сарын 2-нд ирж шинжилгээ өгөхөд нэг үзүүлэлт нь жаахан өөрчлөлттэй гарлаа гэж хэлсэн. Маргааш нь чөмөгний шинжилгээ, MRI гэх мэт шинжилгээ өгч өчигдөр үдээс хойш шинжилгээний хариу гарсан. Цусан дахь хавдар нь дахисан байна гэсэн.
-Хавдар нь дахина гэхээр яана гэсэн үг вэ?
-Хими эмчилгээ хийгдэж цусан дахь хавдар нь байхгүй болсон. Гэтэл байхгүй болж хэсэг явсны дараа ахиад цусны хавдар илэрлээ гэсэн үг. Одоо гурван удаагийн химид орж үүдэл эс шилжүүлэн суулгах төлөвлөгөө гарсан. Өнөөдрөөс хими эмчилгээ эхлэх ёстой ч хойшлуулсан.
Охин дүү нь Монголд байгаа. Охин дүү нь донороор орж болохгүй бол бид эндээсээ донор хайна гэсэн үг л дээ. Зөвхөн эндээс донор хайлаа гэхэд 50 сая вонн шаардлагатай.
-Хүү нь энэ талаар мэдэж байгаа юу?
-Мэдээгүй байгаа. Уг нь хими эмчилгээ дуусаж нөхөн сэргээх эмчилгээндээ яваад ганц нэг алхдаг болчихсон байсан. Дахих магадлал байдаг гэсэн л дээ. Гэхдээ ийм хурдан дахина гэж бодоогүй. Хими дуусаад дөрвөн сар л болсон. Эдгэчих юм шиг санагдаж хамаг байдаг юмаа зарж, монголчуудынхаа тусламж дэмжлэгээр өдийг хүртэл явлаа.
Юутай ч маргааш эмнэлгээс гаръя гэдэг хүсэлтээ өгсөн. Э.Анандад өөрт нь хэлье гэж бодож байна. Эхлээд эмнэлгээс үнийн баримжаагаа авах хэрэгтэй болсон. Болохгүй бол Монгол руу гаа буцдаг ч юм бил үү гэж бодож байна /уйлав/.
-Одоо цаашдаа хэрхэхээр төлөвлөж байна вэ?
-Цусны хавдар дахивал хамгийн эцсийн арга нь үүдэл эс /чөмөг/ шилжүүлэн суулгах мэс засалд орох. Ингэхдээ 2-3 удаагийн хими эмчилгээнд ордог юм байна. Хими эмчилгээг эхлүүлнэ гэвэл Монголд байгаа охин дүүг нь яаралтай донор болгож болохоор байна уу, үгүй юу гэдэг шинжилгээнд орно.