С.Чинзориг шинэхэн арслантай удам судар, ах дүү хамаатан гээд нэлээн түүх ярьжээ
мэдээ

С.Чинзориг шинэхэн арслантай удам судар, ах дүү хамаатан гээд нэлээн түүх ярьжээ

“Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадам сайхан болж байна. Нутгийнхаа ойд оролцохоор зорьж ирсэн олны нэг Үндэсний их баяр наадамд ес давж үзүүрлэн 24 настайдаа Улсын арслан хэмээх том цолд уран мэх, ухаан хүчээр хүрсэн Б.Орхонбаяр гэж сайхан залуутай хөөрөг зөрүүлэн танилцаж бас ч үгүй хөөрхөн хууч хөөрөөд авлаа. Яриа хөөрөөтэй, даруухан сайхан хүү байна.

Шинэ арслангийн аав Н.Баярсайхан манай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. 1979 онд Арвайхээрийн хоёрдугаар арван жилийн наймдугаар ангийг төгссөн, цагдаагийн албанд насаараа зүтгэсэн офицер хүн байна.

Баярсайхан сургууль төгсөөд Сэлэнгэд сумын хэсгийн төлөөлөгчөөр очиж, тэндээ гэр бүл болж хоёр хүүтэй болсны бага нь Орхонбаяр. Тэднийх одоо Цагааннуур суманд амьдардаг. Ээж нь малын эмч, сумандаа мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна.

Орхонбаярыг аав нь төрсөн нутгийн ойд хамтдаа оролцоё, сүсэлж биширч явдаг нутгийн уул усанд хүүгээ даатгая, ах дүүстэйгээ танилцуулъя гээд зориод ирсэн гэж байлаа.

Гучингийн уугуул Гялдангийн Цоодол арслангийн хүү Болд ах бид хэд Орхонбаяртай аавынх нь нутаг ус, удам судар, ах дүү хамаатан гээд үүх түүх нэлээд ярьсан. Манай Нарийнтээлийн Баянтээг багийн дарга байсан Довчинтой садангийн улс юм билээ. Түүгээр ч зогсохгүй манай өвөрхангайчуудын бахархал Халхын цуут бөх Д.Цэрэнтогтох аваргын маань аавын ч, ээжийн ч талтай удмын хэлхээ нэгтэй хамаатан улс байж таарсан нь бэлгэшээлтэй сайхан санагдаж байлаа.

Төрсөн нутгийнх нь уул ус, ухаант түмэн нь Н.Баярсайханыг болон хүүг нь үргэлж түшиж, цог хийморийг нь тэтгэж явах болтугай” хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг бичжээ.

Related Articles

Back to top button